Тээгч эх хөтөлбөр
Энэ юу гэсэн үг вэ?
Эмэгтэй хүний өндгөвч нь үр хөврөл бий болгох үүрэгтэй бол умай нь үүсч бий болсон үрийг тээх үүрэгтэй байдаг. Тэгвэл үр тогтсон хэдий ч хүүхдээ тээх боломжгүй эхчүүдэд туслах шинжлэх ухааны нэг арга нь "тээгч эх" юм. Шууд утгаар нь авч үзвэл донор гэж хэлж болохгүй. Үргүй хосуудтай тохиролцсоны дагуу сайн дураар тэдний хүүхдийг төрүүлж өгдөг эмэгтэйг тээгч эх гэнэ.
Өөрөөр хэлвэл өөрийн нөхөн үржихүйн тогтолцоог түр хэрэглүүлнэ гэсэн үг юм. IVF буюу үр шилжүүлэн суулгах ажилбараар эхнэр нөхөр хоёроос авсан эсүүдийг лабораторийн нөхцөлд үр хөврөлд оруулан бүрэлдсэн үр хөврөл буюу эмбрионыг тээгч эхийн умайд шилжүүлж суулган жирэмслүүлэх арга юм.
Үүнийг яаж хэрэгжүүлдэг вэ?
Энэхүү аргыг хэрэгжүүлэхийн өмнө ирээдүйн эцэг эх ба хүүхдийг тээж төрүүлэхийг зөвшөөрсөн эмэгтэй нарын хооронд бичгээр гэрээ хийгдэхээс гадна сэтгэл зүйн болон хуульзүйн зөвлөгөө авах хэрэгтэй байдаг. Эмчилгээ хийлгэх боломжтой нь тогтоогдсон буюу албан ёсоор харилцан тохиролцсоны дараа эмчилгээг эхлэх үүднээс тээгч эхийн саванд үр тогтоход нөлөөлөх эм тариа эмчилгээг эхлүүлэхийн зэрэгцээ ирээдүйн эцэг эх болох хосуудыг IVF-д бэлдэж эхлэнэ.
Хэнд хийх вэ?
Умайн хүчин зүйл буюу савны ямар нэг асуудалтайн улмаас өөрөөрөө жирэмслэх боломжгүй буюу хүүхэд тээх чадваргүй гэр бүлийн хосуудад IVF ажилбарыг тээгч эх хөтөлбөртэй хослуулан жирэмслэх боломжтой арга юм. Ингэснээр үргүйдлийн улмаас зовлон амсаж буй хосуудад өөрсдийн үр удам залгах хүүхэдтэй болох боломжийг олгоод зогсохгүй гэр бүлийн амар тайван аз жаргалтай байдлыг ч хадгалан үлдэхэд чухал үүрэгтэй юм.